Дөнгөж сая урссан Дөрвөн мөртүүд

2010-06-08,21:23
Чийг ханх тавьсан зуны сэлүүхэн үдэш
Чиний тухай дуугаа аялан ганцаар  алхахад
Чимээ аниргүй тэртээ тэнгэрийн сэргэлэн одод
Чилийж одсон тэр л жилүүдийн дурдатгал шиг тодорно.


Сэмэрсэн итгэлээ танай гадаа гээчихээд алхахад
Сэтгэлийн цамнаа задарч хоолой арган зангирч
Сэтэрч урагдах адил энгэр цээжээр бөглөрч
Сэнэгүй явсан жаргал минь сэвтэж, хатаж билээ......


Арван зургааны саран чиний л инээдэнд хоргодож
Ардын дуу аялсан чи миний л энгэрт нялхарч
Азын дөрвөн бэрх шиг бидний харц эвлэж байхад
Аавын гэрийн хойморт зуны шөнө даан ч богино байж


Шившиж орхисон, ширдэг бүрхсэн шагай шиг
Шинэхэн зуны сонихон оддыг хамтдаа тоолж явлаа бидэн
Шигтгэж өгсөн, шармал алтан одон шиг
Шилийн улаахан нарны бүлээхэн илчинд тоглож явлаа бидэн


Алиа багынхаа зангаар шиврээ борооноор хөөцөлдөн гүйж
Аргалт хөндийнхөө цэцэгсээр нэгнээ чимэн баясаж
Айраг тарагныхаа үнэрт сэтгэлээ нялхаруулан болзож
Аавын гэрийн хаяанаа гэзгээр тань наадан суухсан даа. Багын жаалхан дурдатгал минь.


Шүүдэрт өглөөн нарнаар зүүдээ үргээн босоход
Шүлгэнд минь үлдсэн чиний минь үнэр алга аа
Шүхэр цагаан үүлсийг сэмлэж тэнгэрийн савслагаад саравчлахад
Шүүрс алдуулан одсон чиний ирэх харгуй нүдний өмнө алга аа


Миний л нутгын зун цастай өвөл шигээ цайруу
Мичид унаа юу гэлтэй цагаан цэцэгсээр дүүрэн
Таанын цагаан толгой дохин мэндлэх өглөө
Тал энэхэн нутгын минь тайтгарал шивнэх аялгуу


Саалийн үнэртэй ижийн минь тэрлэг шиг
Сар хоргодсон талынхаа үүрээр адуундаа эртлэн мордох сайхаан
Саам исэх чимээтэй саахалт айлынхаараа буугаад
Салхи шиг омголон хангалын дөрөө амраагаад мордох сайхаан



Будан манан бүрхсэн тэртээ алсын уулсаад
Бурхан сэтгэлт, турьхан галбирт жаалхан тэр минь л одсон
Буруу зөвийн дэнсийг бодлын өмнө таавар хэвээр үлдээж
Булгаа намайг ухаажиг гээд жаалхан тэр минь холдсоон


Сэтгэлийн Бурхад завилсан миний л нугын зун
Сэвшээ хонгор салхиараа түмнээ аргадан налайдаг аа
Сэтэрт хурдан хүлгүүд нь мичид мэлмэрүүлэн дүүлж
Сэргэг эртэч шувууд нь уран тансагхан жиргэж хайрын дуу аялуулдаг аа

бичсэн: Чойрын Хүү төрөл: Шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 563 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)