Хүйтэн цаг хугацааны халаа........

2011-12-27, 02:21
Булгиа хангал шиг эмнэг энэ л онд
Бууралтаж амжаагүй бурханаасаа би төөрсөн.
Булгаа хүүгийн тамирыг таних гэж өшиглөсөн
Будант хорвоо чамайг би эрийн хугархай шиг биш нуруу шиг давсан.
Өмнөөс ирэх он цаг чамайг харин
Өөрийн дураар залах итгэл надад төрсөн
Өргөс дүүрэн чиний сорилтыг харин
Өөрт чинь тохох бяр надад ирсэн.
Баяртай балагт он минь
Сайн уу сайхан бүхний дуулал жил минь.....
...

Таньдаа.......

2011-10-26, 12:51
Амин судсыг чинь сэмлэн байж ирсэн үр чинь
Алдрай насаа гээлгүй үүрд нялхаараа байх шиг
Асаж дүрэлзсэн хайрыг тань ааш аяг шиг бодож
Ачлал гээчийг үзүүлж амжаагүй хүүгээ өршөө. Ээж минь

Хүү нь өсөж, дээл минь багадаж
Хүслийн залгамж нэрийг тань өргөж
Хүж орчлонгын энүүхэн жамд
Хүн зул болж таныхаа л төлөө бадамлана аа. Ээж ээ

Хорвоогийн анхны рашаан болсон уураг тань
Хоолойд минь одоо ч амин дусал болон үлдэж
Хоногын уртад зовлон даах тэнхээ өгч
Хол ойрын аянд сэтгэлийг минь дэвтээж яваа шүү. Ээж ээ


...

Ижийн минь хайр газарт шингээгүй..........

2011-10-24, 11:25
Өргөст навчис хуйсагнан тэртээ алсрах намраар
Өнчин сэтгэлийг жиндээж хяруу мөнгөрөх цагаар
Өтөл тогоруун дуутай бүүдэг тэнгэрийн дор
Өнө оршихгүй жамыг зүхэж явна аа. Хүү нь

Энэ л өдрийг ирэхгүй юм шиг бодож
Эрхэмсэг өдрүүдийг эгэлд тооцож
Эцсийн нар жаргадаггүйд итгэж
Ээжийнхээ дэргэд танхи явж ээ. Үр нь

Эцгийн яс, эхийн махаар бүрдсэн билээ л бидэн
Эргээд ач хардаггүй билээ л тэд минь
Эргэх цагийн гудиггүй салхинд гандаж
Элсэн сэмрэх шиг асгарч явж дээ нас нь. Таны минь

Ижийн минь хайр газарт шингээгүй
Их бодлын зүрхэн чинадад минь
Эр заяаны тэнхлэг ахад минь
Ээл бүлээн хонгорхон дүү нарт минь үлдсэн шүү...

Ижий үгүй намар........

2011-10-20, 02:35
Бурхан төрсөн газраа хүндгүй
Бусдын дэргэдээс алсрах хүн дурсамж
Бууралтаж амжаагүй санчиг нь дуу
Будант алсын тэртээ миний л ижий мөнхрөх намар цаг аа......

Мөр балархай холын дурдатгал шиг.........

2011-5-27, 02:38
Мөр балархай холын дурдатгал шиг
Өр налархай ойрын дурлал минь
Нөмгөн нөмгөн аядуухан шөнөөр
Гүехэн гүехэн сэтгэлийг догдлуулж
Өлзий учралын билэгт зүүдийг
Нүдэн чи минь л надад  бэлэглэдэг
Сүүн сэтгэлийн гэгээтэй нүдэн
Үүрд итгэлийн жавхаатай сүлдэн
Хүсэлт бодлын уяатай зүрхэн минь............


Чам шиг хавар...

2011-5-17, 01:44
Чиний уруул шиг
Чийг ханхийж
Чилийсэн шөнүүд
Чимээгүй уясаад л................

Чам шиг уяхан хавар
Чамаас л түрүүлж ирэх юм

Миний нүд шиг
Мишээл тодроод
Мэлийсэн нар
Мэндэлж угтаад л..............

Чам шиг худалч бороонд
Чамайг л бодон норох юм

Түүний нас шиг
Түүх эргэж
Түмэн модод
Түүхий гөлгөлөөд л..............

Чам шиг уйдамхай хавар
Чамаар л дутуу эргэх юм...


...

Аавыгаа зүүдлээд......№2

2011-5-12, 12:05
Тулгат Монгол гэрийнхээ хоймор нь билээ л миний аав
Туурайт хүлгийн зоондоо хийморь нь билээ л миний аав
Тост Боржигон нутагтаа гандуу яваагүй миний аав
Тоост цэнхэр орчлондоо гундаа нь үгүй миний аав аа..................

Аавыгаа зүүдлээд......№1

2011-5-12, 09:14
Алтан талынх нь атираат толгод духанд нь тодроод
Адуу шиг насных нь хангал харц нь нуурын ус шиг тогтоод
Аргамжааны морь шиг аараг намхан толгоддоо хоргодсон
Аавыгаа хүү нь зүүдэллээ. Жаргалтайхан сэрлээ.



Анд даа бичсэн захидал.............

2011-4-12, 05:01
Зээрийн эвэр шиг ижилдэн ургасан найз минь
Зэрэглээн дунд алсран алсран бөртөлзнө
Жирмийн сүлжээ насаа хамтдаа сүлжиж
Жил сарын тойргыг хамтдаа л хураадагсан

Андгай өргөн, азаа үзэн нөхөрлөөгүй ч
Алдаа онооны дэнсийг цугтаа хазайлгаж
Арван хэдэн оныг дурсамжийн хананд цомоглосон
Ассан гал шиг хангал анд минь минийхээ дэргэдээс цойллоо

Зууныг элтэл нөхөрлөнө гэж амлаагүй ч
Зуурдыг өнгөртөл андын журмыг сахих хүсэлтэй
Зураг залуу насны нэгээхэн хэсэг чи минь
Зул шиг бүсгүйг даган андыгаа орхих чинь зөв өө

Зүгээр дээ анд минь. Эхнэр хүн чиний л амьдрал
Зүүдэн тэртээх нөхөрлөл минь бидний л дурсамж
Зүрхэн тол...

Дулаахан.

2011-3-29, 12:32
Цагийн саалтанд гундсан сэтгэлийг минь
Цаанаа л дулаахан нэгэн сэргээнэ
Цадиг муутайхан налиг дурлал бус
Цагаахан бөгөөд бүлээхэн амьсгал урсна

Дүр, сэтгэлийг нь цөөхөн мэдэрсэн ч
Дүрлэгэр нүдэн чамайг цөхрөлтгүй эрнэ
Дүн цагаахан өвлийн дулаахан дурлал
Дүүмэдхэн түүнийг би дууланхан, дууданхан дулаарнам.

                                                                      Д.МС-д 2011,03,29

...
idiomatic-dormant