2010-05-07,00:07
Гадаа жаахан жихүүн байна. Сайхан тамхи татъя гэтэл салхи талыг нь татаад хэцүү юм аа. Цаг хугацаа хурдалсаар, зарим үед зогссоор. Үдшийн энэ цаг үе хамгийн аятайхан нь ч юм шиг. Өдийд хүмүүс тус тусын тааваараа унтах нь унтаж, кино шийгээ үзэж өдрийн алжаалаа тайлаж байхад би өдөржин ядарсан мөртлөө нойр огт хүрэхгүй юм. Ямар сайндаа телевиз үзье гэтэл улиг болсон, аль эсвэл хүний сонирхол татах зүйлгүй. Өөр зүйл үгүй учраас л хүмүүс ийм зүйл үздэг болов уу гэмээр санагдлаа. Ганцаараа энэхэн цаг хугацаанд хамгийн тайван газар байгаа ч юм шиг. Өөрийн таалдаг дуунуудаа сонсоод л ганц нэг юм бичсэн шиг суух тун аятайхан. Тамхиа өрөөндөө татахгүй бол гадаа тун тааламжгүй байна. Шөнө нэгэнт болоод хүмүүс мөн тухлаг ганц нь ганцаараа гэр бүлтэй нь хамтаараа унтаж амарч байгаа даа. Мөн над шиг гиюүрсэн амьтас ч мэр сэр бий л байх. Маргааш 5 сарын эхний 7 хоногийн ажлын сүүлийн өдөр. Гэлээ гээд би бас л гайтай юм шиг бусад шиг амарч чадахгүй хяслантай. Хавар хачин муухай улирал юм аа. Дээхнэ үед хүмүүс хавар хамгийн сайхан улирал гээд л ярьдагсан. Бага байхад хавар гоё санагддаг байсан бол одоо энэ балайр хаврыг үзэнм ядахаар болж. Уг чанар нь бол хамаг бүхэн сэргээд, ургамал ногоо гарч байгаа боловч салхи садарга нь дуусахгүй, бороо бус шороо л тэнгэрээс унаад байна уу гэлтэй байх юм.


Дэр тэврэн ганцаар хэвтэхэд нойр хулжин оддог

Дэнлүү цэнхэр одод хүртэл нэг л сүүмгэр харагддаг

Дэргэж одсон нойр эргэн хатиран ирэхүй

Дэлгэр амгалан наран чиний л зүг яаруулдаг аа.

 

Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана

Долоон Бурхан зовлон хугасалж дэргэд хононо

Гашуун нулимс шингэсэн нойтон дэрээ тэврэнхэн

Гандуухан сэтгэлээ аргаданхан гүн нойронд автана.  Иймэрхүү зүйлс л бодогдож байна. Сайхан амарцгаагаарай. Хагацъя гээд хагацаагүй хаа холын хайрласан болоод хайрлуулсан бүсгүйчүүд минь, халин элэх омголон насанд минь тосож учрах хацар гоо бүсгүйчүүд минь. Салаад одсон, салаа зам дээр минь угтах амрагууд минь бүгд сайхан бүхний охийг, жаргал бүхний оргилыг мөрөөсөн зүүдлэж хоноцгоогоорой.



бичсэн: Чойрын Хүү төрөл: Бодол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 355 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)